Хүн төрлөхтөнд эмээл чухам ямар үүрэг гүйцэтгэсэн бол,хэзээ хаана үүссэн бол,монголчууд хэдийнээс хэрэглэж байсан юм бол гэдэг бодолд хөтлөгдөн түүхийн бага зэргийн судалгаа хийж үзлээ.Их сонирхолтой юм.Хүн нийгмийн гал голомтыг асаан,ан амьтан гаршуулах арга ухааныг сэдэн малжих эх суурийг тавьсан тэр үеэс Монгол хүн нутгийнхаа байгаль цаг уурын өвөрмөц онцлогт тохируулан бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх явцдаа малын унах ачих,хөллөх ,ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийжээ.Үүний нэг нь эмээл юм. Монгол орны газар нутгаас олдож буй суг зургаас үзэхэд эхний үед тохом дүүрэгтэй эмээл хэрэглэж дараа нь аажим аажимаар дөрөө бусад хэрэглэл үүссэн байна.
Цаашлаад Хэрлэнбаян-Улаан уулын Хүйтэн хошууны хад орчмын оршуулгаас илэрсэн монгол эмээл, Ноен уулын булшны эртний Хүннү нарын амээл,Аблай хийдийн тууринаас холгүй газар 2500 жилийн тэртээх нэгэн гүнжийн оршуулганы хойлгонд зургаан морь дагалдуулсан байсныг олсны дөрөв нь эмээлтэй, хазаартай байсан ба 1929 онд Алтайн хязгаарын Ян голын хөндийд хийсэн малтлагын М.Э.Ө. VI- V зууны үеийн булшнаас мөн эмээл, модон дөрөө тэргүүтэн гарсан зэрэг нэлээд эртний судалгаа археологийн олдворууд байдаг . М.Э.Ө. VI- V зууны үе бол Европынхон эмээл, дөрөө гэж мэддэггүй, мориндоо зөвхөн "нэмнээ,нөмрөг" (попон) төдийхөн хэрэглэж байсан цаг агаад М.Э VIII зуун гэхэд л сая эмээлийг өргөн дэлгэр хэрэглэх болсон гэж бодхоор монголчууд тэднээс өмнө эмээл хэрэглэж байсан болж байгаа юм.2004 онд 13 р зууны үеийн язгууртан эмэгтэйн булш олдож дотроос нь бөгж,алтан бүрмэлтэй эмээл.дөрөө олдож байсан,Их эзэн Чингис хаан ан авд мордохдоо хэрэглэдэг алтан эмээл Өвөрмонголд байдаг гэх зэргээс үзэхэд монголчууд эмээлийг хэрэглээд зогсохгүй уран нарийн хийц оруулж, алт мөнгө, эрднийн зүйлээр чимж гоёдог байсаныг эндээс харж болох юм.
Дээр өгүүлсэн баримт материал,бусад судалгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үзэхэд үндсэндээ Монгол эмээл МЭӨ 1 р зууны 2 дугаар хагаст үүссэн байна гэж тодорхойлж болох юм.
Эмээл үүсэхээс өмнө агтавчийг хэрэглэдэг байжээ.Гэвч эрдэмтэд эмээлийн эхний хэлбэр агтавч гэдэгтэй санал нийлдэггүй бөгөөд агтавч бол зөвхөн тохом татхад хэрэглэдэг зүйл мэтээр ойлгодог .Хэлбэр хийц ижил төстэй ,нөгөө талаар эмээл үүсч, бий болоогүй эрт үед яах аргагүй хэрэглэсэн зүйл бол агтавч юм.Эмээл хэмээх нэрийн тухайд нэлээн олон эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж сонирхолтой судалгаанууд хийсэн байдаг. Туркууд энэр гэдэг ба Манжууд энгэм,Тунгууст эмээлээ гэж хэлдэг байна.Монголчууд эд хэрэглэлдээ нэр өгөхдөө уул усны нэрийг оноож өгдөг байсантай холбоотой болов уу гэж би боддог юм.Эмээлт уул , Бүүрэг хайрхан,Ганзага уул гэх зэргээр нэрэлдэг байсан нь магадгүй эртний нэршил байж болох юм.Доктор Х.Нямбуу гуай эмээл гэдэг үг нэмэх гэсэн утгатай гэж нэгэнтээ өгүүлсэн байдаг.Энэ бас л байж болох талтай морин дээр нэмж тавих,нэмэх хэрэгсэл гэдэг утгаар гэсэн үг юм.
Эмээлийг хийх арга ухаан мөн л эртнээс өнөөг хүртэл өөрчлөгдөн ирж , өөр өөрийн нутаг орны онцлогт тохируулан шинэчлэгдэж байжээ.Ур хийцээсээ дархчууд шалтгаалан янз бүрийн зориулалтаар том хүний,хүүхдийн ,эрэгтэй эмэгтэй гэх зэргээр ангилан алт мөнгө оролцуулан хийдэг байна.Төрөл зүйлийн хувьд Өвгөн Самбуу,Бүлтгэр Самбуу,Боржгон Самбуу,Хадаасан Самбуу, Эрвээлж эмээл,Тонжил эмээл,Харганан бүүрэгтэй эмээл,Үзэмчин эмээл ,Хасаг эмээл ,Буриад эмээл ,Тува эмээл гээд олон төрлийн эмээл байдаг.
Эрвээлж эмээл гэдэг бол хүүхдийн эмээл юм.Хөдөө нутгаар мэр сэр ганц нэг байдаг бөгөөд нэлээд ховордсон эмээлийн нэг юм.
Эмээлийг хүнд бэлгэлдэггүй гэх юм уу гэрийн эзэн лугаа дээдлэн шүтдэг ёсон монгол түмэнд буй. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэх юм уу, Эр хүний чимэг эмээл” гэх зэрэг эмээлийг эр хүнээс, ялангуяа нүүдэлчин ард түмнээс салгаж огт болохгүй гэдгийг хэлсэн үг юм.Ийнхүү Монгол эмээл эртнээс эдүгээг хүртэл нүүдэлчин түмний амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэж хөгжлийн янз бүрийн үе шат туулан бүтээгдсээр байна.
0 件のコメント:
コメントを投稿