МӨНХ ХӨХ ТЭНГЭР



Хүн төрлөхтөн үүсэн бий болсон цагаас бөө мөргөл буюу тэнгэр хангайгаа шүтэх ёсон буй болсон гэж би боддог юм.Монгол хүн тэнгэр хангайдаа идээнийхээ дээжийг өргөж үргэлжид сүслэн биширч өөрсдийн амьдралыг даатган ирсэн түүхтэй.Магадгүй дэлхий дээр хамгийн байгалиа дээдэлсэн ард түмэн монголчууд байх.
 Одоогийн зарим эрдэмтэд бөөгийн ёсонг өнөөдрийн олон янзын шашны эхлэл гэж үздэг ч бас ортой болов уу . Монгол орны хээр тал ,уул нуруудаас олддог эртний сүг зураг , олдворууд басхүү энэ тэнгэр шүтлэгтэй ихээхэн холбоотой юм.

Бүр эртнийх гэж тооцогдох сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлсэн байдаг бол он цаг наашлах тусам дүрслэх ур чадвар нь сайжирч араатан амьтдаас гадна тэнгэр хангайдаа зохицон амьдарч буйг дүрсэлсэн байдаг.Тэгэхээр тухайн өөрийн  овог аймгийн шүтээн болох араатан амьтан,шувуудийг зурж үлдээсэн хэрэг.
Шинжлэх ухааны үүднээс он тоолол хөөж үзвэл монголын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан овог аймгууд МЭӨ III зууны үед ангит нийгэмд шилжихээс өмнө хүй нэгдлийн зохион байгуулалтанд байсан учир бөө мөргөл нь шинэ чулуун зэвсгийн үеэс шүтсээр ирсэн их эртний зан үйл,тэнгэр шүтлэг болж байгаа юм. Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөгжил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увидсын эрдэм чадвартай хүмүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Энэ үеэс “бөө” (бөөгнүүлэгч, цуглуулагч)- гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо бүрдсэн байна.
Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс эхийн эрхт овгийн байгууллын үед бөө мөргөлийн зан үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ.Ихэнхидээ  отог (бүлэг буюу гал), омог, аймгуудын удирдагч нар нь бөө байсан байна. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөө мөргөлийн үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв.

Эртний монгол ,түрэг хэлнээ (tangrici) тэнгэрч гэж бөөг нэрлэж байсан ба тэнгэрийн доор ,газрын дээр аж төрөхөөс өөр аргагүйг мэдэрсэн Хүн улсын эзэн Модун шаньюгийн “ Тэнгэр газар төрүүлж,Наран саран  өргөмжилсөн “ хаан гэж гардаг нь мөн л тэнгэр хэмээх далд, оюуны их шүтэлцээт бөөгийн тухай өгүүлэж байсан хэрэг юм.Тэгэхээр бөөтэй холбоотой тэнгэр хэмээх ухагдахууныг давхар авч үзэхээс өөр аргагүй. Тэнгэртэй хүн,Тэнгэр нь хаясан амьтан,Тэнгэр мэдтүгэй,Тэнгэрээ гээсэн амьтан ,Тэнгэр минь гэхчлэн тэнгэртэй холбоотой үг хэллэг эртнээс хэлэгдэж монгол түмний дунд хэрэглэгдэж иржээ. Плано Карпини нэгэнтээ тэмдэглэлдээ " Монголчууд ганцхан тэнгэрийг шүтдэг,тэр нь нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх аливаа бүхнийг захирдаг" гэсэн бол Мөнх хаан " Бидний монголчууд цорын ганц Мөнх тэнгэрийг шүтэж,төрж үхэхийн заяа тавилан мөнх тэнгэрийн тааллаар болно." гэж хэлжээ. МНТ-нд Хорчи ирт Тэмүүжинг хаан болоход ид шидийн аргаар тусалсан гэх буюу дайн байлдаан хийхийн өмнө Бурхан Халдун ууланд гарч бүсээ тайлж,хүзүүндээ өлгөж Тэнгэр хангайтай харьцаж  байсан тухай бичсэн байдаг.
Бас Тэмүүжинд Чингэс гэдэг цол хайралсан нь бөө мөргөлтэй холбоотой байх магадлал өндөр байдаг байна. Бөө мөргөлийн эртний дуудлаганд " Чингэс удганы үлээсэн гал " гэж гардаг бөгөөд Чингэс хэмээх нэрэнд "Тэнгис далай,өргөн хүрээ,хүч чадал" гэсэн нэгэн ёртөнц дэлхийг багтаасан, тэр бүхэл ойлголтийг агуулдаг байна.Тийм ч учираас Чингэс хаан чадалтай бөө удганыг өршөөлгүй шийтгэж чаддаг байсан баримтууд ч бас байдаг. 
Эртний Юань улсын сударт "Жил бүр  Тай-мяогийн дөрвөн удаагийн тахилгыг Хаанбалгасанд үйлдэхэд монгол бөө удган гарч, онгод шүтээнээ дуудан бөөлдөг байжээ" .Мөн Монгол хаад жил бүрийн 6 сарын 24 нд Шанду хотод их тахилга үйлддэг байсан ба 9 сардаа Шао-фан-юанд нэг адуу,гурван хонь гаргаж ,шимийн архи,мөнгө зоос ,торго нэхмэлийн зүйлс хуримтлуулан монгол бөө,удган нар монгол хэлээрээ бөөлж тахидаг байсан нь бичигдэн үлджээ. Үнэхээр 13-14 зуунд Монголчуудийн амьдралд бөөгийн ёсон эх байгаль дэлхийгээ хайрлах, гүн гүнзгийг агуулсан байдлаараа бат бөх хадаглагдан хөгжиж байжээ.Аляскаас Альпийн бэл хүртэл өргөн уудам нутагт өнөр олон овог аймгийг нэгтгэсэн эх газрын монгол түмэн эдүгээ мөн хэл соёл нь өөр боловч цаана орших утга санаа нэг байдаг гэдгийг бас харж болох юм. Тухайлбал бөөг түрэгүүд хам(кам),казакууд(багсы),якут(оирун),солонгосууд (шам),оросууд(шаман)гэж хэлдэг байна.Кам гэдэг бол сам,самнах,цамнах  ба ойрун гэдэг нь ойж буух,багсы нь багш эрдэмтэн мэргэд гэсэн утгыг агуулсан байдаг.Нэгэнтээ яах аргагүй нүүдэлчин ард түмнээс үүсэж ,нүүдэлчин ард түмнээрээ шүтэн биширдэг эх байгаль хэмээх уул усаа дээдлэн, Мөнх хөх тэнгэртээ залбиран сүсэглэх бөөгийн ёсон эдүгээ ч хөгжин өөрчлөгдсөөр байна.Орчин цагт бөө ихээр бий болсон нь нэг талаар байж болох бөгөөд эрдэмтэй чадалтай,үе удам дамжсан жинхэнэ бөөнүүд удахгүй үлдэж хоцрох нь лавтай юм.Би энд нэгэн хүнийг хэлэхгүй байхын аргагүй гэж бодож байна .Олхонуд овгийн Дондогийн Бямбадорж зайран хэмээх энгүүн их эрдэмтэй хүний бөөлж буйг үзээд үнэхээр биширч  билээ.Яах аргагүй байгаль дэлхийтэй,Мөнх хөх тэнгэртэй холбогдон элдэв сонин байглийн үзэгдэлийг энгийн бидэнд үзүүлж харуулж чадаж байсан юм.Тэр их хүнтэй хэдэн хором уулзаж яарилцах зуур басхүү энэ багахан судалгаанд нэмэр болохуйц санааг хэлж өгч билээ.Тэр санаа бол Бөө мөргөлийн хэллэг бол яруу найраг ,аман яриа,уран үг ,магтаал үг болдог  гэдгийг мэдэж авсан юм.Нэгэнтээ ардын аман зохиолд (Бум-эрдэнэ): 
                               Цустыг алаад өссөн
                               Цулбууртныг хөтлөөд очсон
                               Долоон насанд дориглоод төрсөн
                               Хүрсэндээ хөө мөртөө
                               Харгалзсандаа хар мөртөө
                               Эр бүгдийг алаад бах нь ханадаг
                               Эм бүгдийг олоод сэтгэл ханасан
                              Эрийн сайн Хажир хар - гэсэн нэгэн хар тэнгэрийг хэлсэн бол "Хөхөлдэй мэргэн туульд": Харзын усыг буцалтал хэлдэг 
                           Хад чулууг хагартал хэлдэг 
                           Хайрт хар хэмээх түшмэлтэй юмсан гэж" бөөгийн дүр төрхийг хэлсэн байдаг.
Ер нь эрт дээр цагын монгол яруу найраг, аж амьдрал дээр тулгууралсан үг хэллэг аман байдлаар уламжлагдан ирсэн байдаг бөгөөд бөөгийн яруу найраг ч үүн лугаа адил үе дамжигдан өвлөгдөж ирсэн ажээ.Орчин цагын бөөгийн яруу найрагын томоохон төлөөлөгч бол дээр дурдсан Д.Бямбадорж гуай юм. За ингээд түүний бичсэн бөөгийн андгайгаас та бүхэндээ хүргье.  

                                            Төрийн сүлдээ дээдлэн шүтнэ
                                            Түмэн олноо хайрлан хүндэтгэнэ
                                            Унаган байгалиа дээдэлж сахина
                                            Уул усаа хүндэлж хайрлана..... хэмээжээ.
Энэхүү андгай тангарагт өгүүлсэнчлэн байгаль дэлхий,хүн ард ,улс гүрэн тэр чигээрээ багтан орж ,тэрнийхээ төлөө дээд тэнгэртэйгээ холбогдон учирдаг  бөөгийн ёсон бас монгол түмний зан заншил ,үйл хөдлөлтэй холбоотой байдаг ажээ.
Тиймээ нүүдлийн соёл иргэншилтэй монгол түмэн эрт үес наран саран,од эрхэс, тэнгэр хангайтай холбогдон улирал жилийг тогтоон өөрсдийн үйл хөдлөлийг уялдуулан ирсэн шигээ орчин үед бөөгийн ухааныг нарийн чанд судлан  амьдрал ахуйдаа хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай юм. 

















0 件のコメント:

コメントを投稿