Эх үрсийн энэрхүйн нинжин сэтгэлийн тод илэрхийлэл болсон “ бүүвэйн дуу хэмээх, уриа дуудлагын шинж чанартай, энэхүү өвөрмөц дуу нэн эртний улбаатай бөгөөд, овог аймаг үүссэн тэр үетэй холбоотой гэж судлаачид үздэг байна. Тэгээд ч дуун ухааны дээж хэмээн үзэж иржээ. Бүүвэйн дууг яг төдийд үүссэн гэж нотлоогүй боловч, домоглон хэлэлцэх нь олонтой байна.
Энэ тухай нэгэн домогт, хээр хаягдсан хүүг тэжээж өсгөсөн чонотой холбож домоглодог бол, бүү ай гэсэн үгнээс үүссэн ч гэдэг. Юутай ч бүүвэйн дуу зохиогдсон цагаасаа хэд хэдэн хувилбараар аялаж дуулсаар иржээ. Тухайлвал: Бүүвэй гэсэн ганц үгээр давтан, намуун уянгалаг аясаар, нялхасыг тайвшруулан нойрсуулдаг.
Нөгөө нь шүлэглсэн үг зохиож, түүндээ ая оруулан зөөлөн дуулж бүүвэйлдэг байна. Заримдаа “Бөндөн Бөндөн” гэсэн үгээр ч бүүвэйлдэг. Газар газар өөр өөрөөр хэлэгддэг боловч гол төлөв төв халх хэллэгээрээ дууддаг.
Заримдаа бүүвэйлж байснаа хүүхэд нойрсоод эхлэхэд, маш зөөлнөөр аман дотроо намуухнаар аялах явдал ч байдаг. Ийнхүү бүүвэйн дууны уянган ая, үгийн цэцэлсэн утга, үйл хөдлөлийн жигд хэмнэл, хүүхдийн бяцхан гарт мэдрэгдэх эхийн булбарай хөх, эхийн уураг сүүний амт, бүхэн нэгдэж, хүмүүн болохын заяа тэгширдэг ажээ.
Энэ тухай эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв гуай бичихдээ: “ Бүүвэйн дуунд уясаж, өссөн хүүхэд, өр нимгэн сэтгэл зөөлөн, зүрх энэрэнгүй, хүн болдог нь нэгэнт шалгарсан, нотолгоо шаардахгүй үнэн” хэмээсэн нь тун ч учиртай ажээ.
0 件のコメント:
コメントを投稿